Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-09-04
  • Хэвлэх

            Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар нь “Бүс ба зам” хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын Үйлдвэр, мэдээллийн яамны дэргэдэх Соёл урлагийн төв болон И Ли мужийн Өв соёлын газар, ОХУ-ын Буриад Улсын Үндэсний музей, Монгол Улсын Уран зургийн галарейтэй хамтран “Торгоны зам – вааран урлал” олон улсын үзэсгэлэнг энэ оны 9-10 дугаар сард зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

 2018 оны 01 дүгээр сарын 27-нд “Торгоны зам – вааран урлал” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулах анхны  ажлын уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, хамтран ажиллах, оролцогч талыг төлөөлж Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Керамик зургийн орчин үеийн урлагийн холбооны тэргүүн Гуан Юүн Ки, ОХУ-ын Буриад Улсын Үндэсний музейн захирал Бороноева Т.А., монголын талаас Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат болон хамтран ажиллах Уран зургийн галарейн захирал А.Янжив, мөн  бусад байгууллагын төлөөлөгчид, уран бүтээлчид оролцсон.

Соёл, урлагийн газар нь  “Торгоны зам – вааран урлал” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулах  хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийг БНХАУ-ын үйлдвэр, мэдээллийн яамны Соёл, урлагийн төвтэй байгуулж,  тус үзэсгэлэнг Монгол, Буриад, Хятад 3 улсад  2018 оны 9 - 10 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөсөн юм.

Бэлтгэл ажлын хүрээнд БНХАУ-ын  шаазан урлалын төв болох Жиндэмин хотод монголын талаас Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, зураач Ш.Чимэддорж, уран бичлэгийн мастер, зураач П.Тамир, Буриадын талаас тус улсын нэрт уран бүтээлчид Александра Дугарова, Чингис Базаров нар Хятадын уран бүтээлчидтэй хамтран энэ оны 3 дугаар сарын 27-ноос 14 хоногийн хугацаатай  үзэсгэлэнд тавигдах уран бүтээлээ туурвих ажлыг хийж гүйцэтгэлээ.

“Торгоны зам – вааран урлал” олон улсын үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа Уран зургийн галарейд 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 17:00 цагт болох ба  үзэсгэлэнг 7 хоногийн туршид олон нийтэд толилуулна.

10 дугаар сарын эхний долоо хоногт Буриад Улсын Үндэсний музейд тус үзэсгэлэнг зохион байгуулах юм.