Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-09-06
  • Хэвлэх

БНХАУ-ын ӨМӨЗО-ы “Хятад орныг танин мэдэх” соёл, аялал жуучлалын өдрүүдийн хүрээнд 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 11.30 цагаас Монголын Хүүхдийн төв номын санд хүүхдэд зориулсан ном солилцооны “Нахиа” хөтөлбөрийн нээлтийн ажиллагаа боллоо.
 
           Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Ууганбаяр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Н.Мөнхзул, БНХАУ-ын ӨМӨЗОрны Сонин мэдээ, ном хэвлэл, радио телевизийн товчооны дарга Мөрөн, ЭСЯ-ны соёлын зөвлөх, УБ дахь Хятадын соёлын төвийн дарга Ли Вей болон бусад албаны хүмүүс, мөн хүүхдийн зохиолчид, 21 аймгийн Соёлын төвийн номын санчид, уншигч хүүхэд багачууд өргөнөөр оролцлоо.

 

        Хөтөлбөрийн хүрээнд 2016 онд ӨМӨЗО-ны  Өвөр Монголын Багачууд хүүхдийн хэвлэлийн газраас эмхтгэн гаргасан “Монгол үндэстний амьтны тухай ёгт үлгэр”, 2017 онд  Дорно дахины 20 шилдэг үлгэр, мөн Дэлхийн сонгодог 20 шилдэг үлгэрүүдийг манай улсын ЕБС-ийн номын сан болoн нийтийн номын сангуудад хандивласан ба 2018 онд БНХАУ-ын алдарт зохиолч Шэнь Ши Сийгийн шилдэг 10 бүтээлийн эмхэтгэл болох “Дундад улсын одоо үеийн амьтны үлгэр” цуврал номыг Монгол Улсын нийтийн болон ерөнхий боловсролын сургуулиудын номын сан, зочид, төлөөлөгчид, хүүхэд багачуудад бэлэглэх ажлыг энэ өдөр зохион байгууллаа.

 

     2017 оны 5 дугаар сарын 26-нд хоёр улсын соёлын салбарын хамтын ажиллагааны хүрээнд хүүхдэд зориулсан ном солилцооны “Нахиа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Санамж бичиг”-т  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг  Соёл, урлагийн газар болон ӨМӨЗОрны Сонин мэдээ, ном хэвлэл, радио телевизийн товчоо гарын үсэг зурсан бөгөөд энэхүү хөтөлбөр нь 5 жилийн хугацаатай хэрэгжих юм.

    Цаашдаа монголын хүүхдийн зохиолчдын зохиол бүтээлийг орчуулж, хятадын хүүхэд багачуудын хүртээл болгох, хоёр орны хүүхдэд зориулсан уран бүтээл туурвидаг уран бүтээлчдийг (зохиолч, хөгжмийн зохиолч, зураач, хэвлэлийн дизайнер гэх мэт)  харилцан солилцох, хүүхдэд зориулсан ном хэвлэлд тавигдах шаардлага, стандартыг боловсруулах чиглэлээр туршлага судлах чиглэлээр үйл ажиллагааг өргөжүүлэх юм.