Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-09-06
  • Хэвлэх

Монголын Урчуудын Эвлэлээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Улаанбаатар-2018 Олон улсын дүрслэх урлагийн наадам”-ыг 2018 оны 09 дугаар сарын 05-12-ны хооронд зохион байгуулж байна. “Улаанбаатар-2018 Олон улсын дүрслэх урлагийн наадам” нь дүрслэх урлагаар дамжуулан олон нийт болон залуу үеийнхний урлаг соёлын боловсролыг нэмэгдүүлж, Монгол Улсын Дүрслэх урлагийг дэлхий нийтэд сурталчлан таниулах үндсэн зорилготой бөгөөд олон улсын уран бүтээлчдийн бүтээлүүдээс эх орондоо дэлгэн үзүүлснээр улс орнуудын урлаг соёлын ялгааг дүгнэн харах боломж нээгдэж байгаа юм.

УБ Арт фестивалийн хүрээнд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй галерейнуудад  (Үүнд: МУЭ-ийн арт галерей, UB арт галерей, Цагаан уул арт галерей, Q арт галерей, 976 арт галерей, MN 17 арт галерей, Best арт галерей, Өв арт галерей, Хаан галерей, Норпей арт галерей ) Монголын шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэн дэлгэгдэж байгаа ба уг наадмын гол павилон нисэх явах замд байрлах Морьтны хөшөөнд байрлаж буй юм.

Мөн энэхүү олон улсын наадамд БНХАУ ( И Сан, Ли Хонгбо, Жианг Феймо), Швед (Жоанэс Ниэлсон), Эстониа (Сим-Танел Аннус), Мьянмар (Мин Тэйн Сунг), Австрали (Тан Лаурэнс), БНСУ (Ли Квон Соеп), ОХУ-аас (Жигжит Баясгаланов, Юрий Мандаганов, Татьяна Бороноева) зэрэг олон улсын шилдэг уран бүтээлчид хүрэлцэн ирсэн.

“Уланбаатар-2018 Олон улсын дүрслэх урлагийн  наадам”-ын Арт-форум хэлэлцүүлэг “Бид урлагийг шинээр яаж харах вэ?” сэдвийн дор Асем Вилла болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын Хурлын танхимд зохион байгуулагдаж байна. Монголын урлаг судлаач, эрдэмтэн профессорууд болон олон улсын кураторууд Монголын Дүрслэх урлагийн өнөөгийн чиг хандлага, түүний олон улс дахь байр суурийн талаар хэлэлцүүлэг, уран бүтээлчдийн яриа, лекцийг зохион байгуулж байна.

 

 

  • Д.Уранчимэг /СУИС, ДДУС-ийн захирал, Доктор (PhD), дэд профессор/ “Маргаашийн урлагийн боловсрол”
  • Б.Гантуяа /Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооны тэргүүн/ “Монголын контемпорари урлаг олон улсын тавцанд”
  • Ким Бог-Ги /Солонгосын Кёнгги их сургуулийн профессор, Соёл урлаг сэтгүүлийн ерөнхий редактор/ “XXI зууны контемпорари урлаг, орон нутаг ба олон улсад”
  • Ё.Далх-Очир /Хөх нар контемпорари урлагийн төвийн тэргүүн/ “Монголын сэтгэлгээний орон зайн урлаг”
  • М.Эрдэнэбаяр /Зураач/ “Хотын морьд”
  • Ч.Болдбаатар /”Улаанбаатар-2018 олон улсын дүрслэх урлагийн наадам”-ын ерөнхий куратор, урлаг судлалын ухааны Доктор (PhD), проф/ “Бид урлагийг шинээр яаж харах вэ?” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Эрхэм хүндэт зураач урчууд, дүрслэх урлаг сонирхогч хүүхэд залуус, ноёд хатагтай та бүхнийг “Улаанбаатар-2018 Олон Улсын Дүрслэх урлагийн наадам"-ын хөдөлбөртэй танилцан, наадмын хүрээнд зохиогдох арга хэмжээнүүдэд хүрэлцэн ирэхийг урьж байна.